images

ПУСАН ХОТОД ОРШИН СУУДАГ МОНГОЛ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-06-17

40

Консул Ц.Жадамбаа Пусан хотын Цагдаагийн газрын дарга Ким Сү Хуантай албан уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Консул Ц.Жадамбаа Пусан хотын Цагдаагийн газар нь Консулын газрын аюулгүй байдал болон Пусан хот дахь Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хангах чиглэлээр тогтмол хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ. Түүнчлэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Ким Сү Хуанд хүндэтгэлийн цом гардуулж, хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж буйд нь талархал илэрхийлэв.

Пусан хотын Цагдаагийн газрын дарга Ким Сү Хуан Консул Ц.Жадамбаад албан үүргээ хүлээн авсанд баяр хүргэж, цаашид хоёр байгууллагын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэв.

Уулзалтын үеэр Консул Ц.Жадамбаа тус Консулын газрын харьяа бүс нутаг болон Пусан хотод оршин сууж буй Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх асуудалд онцгойлон анхаарч ажиллаж буй талаар танилцууллаа. Тэрээр хоёр улсын соёлын ялгаанаас үүдэн зарим иргэд өөрийн мэдэлгүй хууль зөрчих, гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй тулгарч буйг онцлон тэмдэглэж, ийм төрлийн эрсдэлийг бууруулах зорилгоор БНСУ-ын хуулийн талаарх мэдээллийг эх хэл дээр нь боловсруулан гарын авлага хэлбэрээр түгээх, мөн цахим орчинд тогтмол мэдээлэл хүргэх нь ач холбогдол өндөртэйг онцлов.

Мөн уулзалтын үеэр Пусан хотод оршин сууж буй Монгол иргэдийн аюулгүй байдал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.