images

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР ТАЛУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

Үйл явдлын мэдээ

2025-06-16

38

БНСУ-ын Тэгү хотын ЭКСПО үзэсгэлэнгийн танхимд "Солонгосын цахилгаан, эрчим хүч аж үйлдвэрийн 2025" үзэсгэлэнгийн Нээлтийн арга хэмжээнд Консул Ц.Жадамбаа оролцлоо.

 Энэхүү арга хэмжээ нь БНСУ-ын Цөмийн эрчим хүчний тусгай бүс болох Умард Кёнсан муж болон Korea Hydro & Nuclear Power, Цөмийн эрчим хүчний экспортын аж үйлдвэрийн холбоо, Солонгосын цахилгаан эрчим хүчний технологи, Doosan Energy зэрэг голлох байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулагдаж буйгаараа онцлог байв.

 Нээлтийн арга хэмжээнд Умард Кёнсан мужийн Зүүн тэнгисийн бүсийн асуудал хариуцсан газрын дэд дарга И Ён Сог, Солонгосын цахилгаан, эрчим хүчний холбооны дарга Жан Хён Ү, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий консул Аслан М. Аскар болон холбогдох байгууллагын удирдлагууд оролцлоо.

 Тус үзэсгэлэн нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, цахилгаан станцын тоног төхөөрөмж, цахилгааны аюулгүй байдал, шинэ сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоод, гадаадын 140 гаруй аж ахуйн нэгж оролцож, нийт 430 орчим үзэсгэлэнгийн танхимд хамгийн сүүлийн үеийн технологи, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

 Арга хэмжээний хүрээнд Консул Ц.Жадамбаа Чонги Шимун сонинд өгсөн ярилцлагадаа:

“Энэхүү үзэсгэлэн нь Солонгосын цахилгаан эрчим хүчний маш сайн технологитой шууд танилцах ач холбогдолтой боломж боллоо” хэмээгээд, “Цаашид Монгол Улсын аж үйлдвэрийн үндэс суурийг бий болгох, цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг өргөжүүлэх чиглэлээр БНСУ-тай бодит хамтын ажиллагааг идэвхтэй эрэлхийлэхийг хүсч байна” гэдгээ илэрхийллээ.

Тус үзэсгэлэн нь эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ түншлэл тогтоох, технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй томоохон олон улсын арга хэмжээ юм.