АГААРЫН АЧАА ИЛГЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЭХЛҮҮЛЖ, ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР ДАМЖУУЛАН МИАТ-Н ПУСАНААС УЛААНБААТАР ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ САНАЛЫГ ТАВЬЛАА.
Консул Ц.Жадамбаа МИАТ ТӨХК-ийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мониторинг хариуцсан менежер Ц.Энхбат, Эрсдэл, комплэйенс хариуцсан менежер Д.Болорсүрэн нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Пусан хот болон түүний ойролцоох бүс нутагт оршин суугаа монгол иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс тавьж буй тодорхой хэрэгцээ, шаардлагад тулгуурлан
Пусан-Улаанбаатар чиглэлийн агаарын ачаа тээврийг нээх боломжийн талаар санал солилцлоо. Уг үйлчилгээг хэрэгжүүлснээр Пусан хотоос Монгол Улс руу шууд агаарын ачаа илгээх нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, ачаа хүргэлтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Мөн уулзалтын хүрээнд МИАТ ТӨХК-ийн Төлөөлөгчийн газрыг Пусан хотод нээн ажиллуулах асуудлыг хөндөж, энэ нь зөвхөн тус бүс нутаг дахь Монгол иргэдэд ойр үйлчилгээ үзүүлэх төдийгүй, компанийн үйл ажиллагааг бүс нутагт тогтвортой тэлэх боломжтойг онцлон ярилцав.
Үүнээс гадна, Монгол Улсын аялал жуулчлалын салбарт, ялангуяа өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, БНСУ-аас жуулчдыг татах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.
Консулын газар нь гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор олон талт уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалт ч мөн дээрх зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үр дүнтэй уулзалт боллоо.