СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХОЁРДУГААР ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын дэмжлэгтэйгээр, “Нанүги Ворлд” ХХК, Монголын Хүүхдийн Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Соёлын солилцооны хөтөлбөр”-ийн хоёрдугаар ээлжийн сурагчид 2025 оны 6-р сарын 04-10-ний өдрүүдэд Пусан хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн хөтөлбөрт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн ахлах ангийн 33 сурагч хамрагдсан бөгөөд тэд богино хугацааны турш Пусан хотын соёл, боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хувь хүний хөгжил, манлайллын сургалтад хамрагдсан юм. Мөн аяллын хөтөлбөрийн хүрээнд Пусан хотын түүх, соёлын дурсгалт газруудаар аялж, БНСУ-ын нийгмийн онцлог, сургалтын тогтолцоо, боловсролын онцлогийн талаар шинэ мэдлэг, ойлголт авч, цаашдын боловсролын чиг баримжаагаа тодорхойлох боломж бүрдсэн юм.
Хөтөлбөрийн хаалтын ажиллагаа, сертификат гардуулах үйл ажиллагаа 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдаж, арга хэмжээнд Консул Ц.Жадамбаа оролцож, сурагчдад сертификатыг гардуулан, сурч боловсрох үйлсэд нь өндөр амжилт хүсэв. Тэрээр сурагчдад хандан “Өнөөдөр авсан мэдлэг, туршлагаа ирээдүйн зорилгодоо ухаалгаар ашиглаж, Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.