КИМХЭ ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ХИЛИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ЦЭГТ “ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛЦГААЯ” САМБАРЫГ БАЙРШУУЛСНЫГ ЦАГААЧЛАЛЫН АЛБАНААС САЙШААН ОНЦЛОВ.
Пусан хотод суугаа Консулын газраас Кимхэ Олон улсын нисэх онгоцны буудлын хилийн шалган нэвтрүүлэх цэгийн өмнөх танхимд Монгол Улсын иргэддээ зориулсан “Хариуцлагатай аялцгаая” самбарыг байршууллаа.
Тус баннерт БНСУ-д зорчих хугацаандаа тус улсын хууль, дүрэм, журмыг чанд сахин биелүүлэхийг иргэддээ уриалахын зэрэгцээ аливаа асуудал, тусламж шаардлагатай тохиолдолд Консулын газартай холбогдох шуурхай утасны дугаар, албан ёсны вэб сайт болон Facebook хуудасны QR кодыг байршуулсан бөгөөд ингэснээр иргэд цаг алдалгүй, шуурхай холбогдох боломжийг бүрдүүлсэн юм.
Энэхүү ажил нь Гадаад харилцааны яамнаас хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая-2” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Пусан хотод үйл ажиллагаа явуулж буй гадаадын дипломат төлөөлөгчдийн газруудаас анх удаа хэрэгжүүлж буй шинэ санаачилга болохыг Кимхэ Олон улсын нисэх онгоцны буудлын Цагаачлалын алба онцлон тэмдэглэв.