ҮЛГЭР ЖИШЭЭ ҮЛЭЭВЭР НАЙРАЛ ХӨГЖИМЧИД ЭХ ОРНОО СУРТАЛЧИЛЛАА.
Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Солонгос Улсын Өмнөд Кёнсан аймгийн Чанвон хотод энэ оны 4 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй "Чинэ" олон улсын цэргийн хөгжим, ёслолын наадамд амжилттай оролцож байна.
Наадмын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын Атташе Хурандаа Э. Түшиг, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газар, Нэгдсэн ажиллагааны төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн дарга, хурандаа У.Тамир, БХЯ-ны ТЗУГ-ын ахлах шинжээч дэд хурандаа н.Мөнхзаяа мөн яамны ГХАГ-ын ахлах шинжээч, хошууч Э.Тэлмүүн, ЗХЖШ-ын харьяа Үлгэр, жишээ үлээвэр найрал хөгжмийн удирдлага, хөгжимчид ЦДБЭЧ-ын бүжигчид оролцов.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, АНУ-ын 8 дугаар армийн үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн зэрэг улс орнуудын төлөөлөл оролцсон юм.
Олон улсын цэргийн хөгжмийн наадам нь ихэнх улс орнуудад “Зэвсэггүй энх тайвныг тогтоох нь” уриан дор явагддаг бол энэ удаагийн наадам нь БНСУ-д гарсан ой хээрийн түймрийн улмаас амь насаа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэн “Бид хамтдаа” уриан дор зохион байгуулагдсанаараа онцлог байв.
Монгол Улсын Зэвсэгт хүчний Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим уг наадамд өмнө нь 2007 болон 2016 онуудад амжилттай оролцож, Монголын батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчин, үндэсний болон цэргийн хөгжмийн урлагийг гадаад орнуудад сурталчлан таниулахад чухал хувь нэмэр оруулж, зохион байгуулагчдаас өндөр үнэлгээ авч байсан түүхтэй.
Энэ удаагийн оролцоо нь зөвхөн эх орноо сурталчлахаас гадна бусад орны соёл, урлагтай танилцах, үлээвэр хөгжим хөгжсөн улс орны мэргэжил нэгт хөгжимчид, удирдаачидтай туршлага солилцох, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.