images

ДЭЛХИЙД ХОЁРТ ОРДОГ ПУСАНЫ БООМТЫГ МОНГОЛ УЛС РУУ НЭЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-04-01

13

Пусан хотын Захирагч Пак Хён Жүн болон холбогдох албаны дарга нар Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Цагаан-Өвгөний Жадамбааг албан ёсоор хүлээн авч уулзлаа.

Энэхүү албан ёсны уулзалт нь Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас 2016 онд БНСУ-ын Пусан хотод Дипломат Төлөөлөгчийн Газрыг байгуулснаас хойш зохион байгуулсан томоохон уулзалт төдийгүй, хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах чухал алхам боллоо.

Талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 35 жилийн ойн хүрээнд хоёр улсын харилцааны ололтуудыг онцлон тэмдэглэж, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо. Үүнд:

Пусаны боомтыг нээж, шууд Улаанбаатар хот руу чиглэсэн ачаа тээврийг эхлүүлэх асуудлыг хөндлөө. БНСУ-ын ачаа эргэлтийн 75 хувийг дангаараа хангадаг Пусан хотын усан боомт нь өнөөдрийг хүртэл Монгол Улсыг чиглэсэн ачаа тээвэр нээгдээгүй байсан бөгөөд Монгол Улсыг чиглэсэн ачаа тээвэр Инчон олон улсын усан боомтоор дамжин хүрч байна. Иймд, өсөж буй худалдааны эрэлт, нийлүүлэлт дээр үндэслэн Пусаны боомтыг нээх хэрэгцээ байна гэж үзэж, боомтыг нээх ажлыг эхлүүлэх саналыг тавьсан юм. Энэхүү ажил хэрэгжсэнээр ачаа тээврийн үнэ буурахаас гадна, Монгол Улсаас БНСУ руу чиглэсэн ачаа хүлээн авах боомт нэгээр нэмэгдэх юм.

Пусан хот нь БНСУ-ын аялал жуулчлалын хамгийн том хотуудын нэг бөгөөд дэлхийд өндөр үнэлэгддэг аялал жуулчлалын төв юм. Манай улсын хувьд аялал жуулчлалын тоог нэмэгдүүлэх, дан ганц зуны улиралд биш бусад улиралд Монгол Улсыг чиглэсэн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Иймд, манай талын зүгээс Пусан хотын аялал жуулчлалын газартай хамтран туршлага судалж, өвлийн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналыг солилцлоо.

БНСУ нь Азийн кино урлагийн зах зээлд онцгой гол тоглогч болоод удаж буй энэ цаг үед Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар нь сүүлийн 2 жилийн хугацаанд “Монгол кино фестиваль” арга хэмжээг амжилттай зохион байгуулсаар ирсэн. Цаашид энэхүү наадмыг өргөжүүлэх зорилгоор Пусан хотын захиргаатай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Пусан хотын хэмжээнд Их сургуулийн 4 эмнэлэг болон 21 нэгдсэн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр эмнэлэгүүд нь сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр БНСУ-д тэргүүлэх байр суурийг эзэлдэг бөгөөд 2025 оноос хэрэгжиж эхлэх хавдарын туяа эмчилгээний шинэ дэвшилтэт технологи, эмч нарыг мэргэшүүлэх, бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал тавьлаа.

Пусан хотын их сургуулиудад суралцаж төгссөн оюутнуудыг нарийн мэргэжлийн ажлын байраар хангах ажлыг Пусан хотын захиргаа эхлүүлж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрт Монгол Улсын чадварлаг оюутан залуусыг өргөнөөр хамруулах талаар санал солилцлоо. Мөн Монголын Үндэсний спортыг сурталчилах соёлын төвийг Пусан хотын захиргаатай хамтран нээж, Монгол Улсын иргэний шинээр төрсөн хүүхдүүдэд Монгол соёл, уламжлалыг үндэсний спортоор дамжуулан сурталчилах, түүнчлэн БНСУ-ын иргэдэд үндэсний спортыг сурталчлан таниулах ажлыг урт хугацаанд хэрэгжүүлэх санал тавьсан юм.

Эцэст нь, хоёр улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Үндэсний их баяр наадмыг “БНСУ-ын Өмнөд бүсийн Даншиг наадам” нэрийн дор 2025 оны 7-р сарын 13-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээг дэмжин ажиллахын сацуу албан ёсоор оролцох хүсэлтийг тавьлаа.

Талууд энэхүү уулзалтаа түүхэн ач холбогдолтой хэмээн дүгнэж, яригдсан олон ажил, төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж, хоёр улсын хамтын ажиллагаа цаашид улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.