images

МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ВИЗНИЙ ТӨРӨЛ ХАМААРАХГҮЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ.

Үйл явдлын мэдээ

2025-03-25

28

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар болон Дэдун Нэгдсэн эмнэлэг хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Дэдун эмнэлэг нь хоёрдугаар шатлалын Нэгдсэн эмнэлэг бөгөөд гадаад иргэдэд зориулсан тусгай эмчилгээний төвтэй юм.

Консул Ц.Жадамбаа 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дэдун эмнэлэгт зочилж, Эмнэлгийн дарга И Гуан Жэ, Олон Улсын харилцааны асуудал хариуцсан дарга Ким Ён Жүн болон удирдах албаны хүмүүстэй албан уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтын төгсгөлд Хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.

Хилийн чанад дахь иргэдийн тулгамдаж буй асуудал болох эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Монгол иргэдэд эмнэлгийн үйлчилгээний хөнгөлөлт эдлэх боломжийг олгоход уг гэрээний зорилго орших юм.

Уг Хамтын ажиллагааны гэрээг байгуулснаар манай улсын иргэд тус эмнэлэгийн эмчилгээ үйлчилгээний төлбөрөөс тодорхой хэмжээний хөнгөлөлт авах эрхтэй болох бөгөөд визний төрөл хамаарахгүйгээр бүх Монгол Улсын иргэд энэ хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юм.

Дэдун Нэгдсэн эмнэлгийн дарга И Гуан Жэ нь энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол иргэдийн эрүүл мэндийн асуудлыг онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.