ЭХ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙГ СУУГАА ОРНЫ КОНСУЛЫН ТОЙРОГТ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ
Консул Ц.Жадамбаа 3 дугаар сарын 19-ний өдөр Хөгжлийн шинэ толь НҮТББ-ийн Тэргүүн Э.Пүрэвдорж, Пусан хотын Олон соёлт гэр бүлийг дэмжих төвийн багш Ш.Загдхорлоо нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар Консулын тойрогт оршин сууж буй Монгол иргэдийн шинээр төрсөн хүүхдүүд нь Монгол хэл, соёлоос хэт холдож, Монголын ахуй соёл, өв уламжлал, бахархалт үнэт зүйлсийн талаар мэдлэггүй болж өсөн торниж байгаа нь тулгамдсан асуудал болж байгааг багш нар илэрхийлэв. Тус асуудлыг шийдвэрлэхийн тулд "Эх хэлний боловсрол олгох хөтөлбөр"-ийг танилцуулж, "Хос хэлтэй иргэн бэлдье" уриан дор БНСУ-д амьдарч буй хүүхдүүдэд тулгамдаж буй Монгол хэл, соёлын асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцов.
Хилийн чанд дахь Монгол иргэдэд Монгол хэл, соёлыг сурталчлах ажлын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Боловсролын яамтай хамтран тухайн багшид арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт болон ном сурах бичгээр хангах боломжийн талаар хэлэлцлээ.
Цаашид хүүхэд, залуучуудын боловсролд чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээнүүдийг зохион байгуулах, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.