КИМХЭ ОЛОН УЛСЫН ОНГОЦНЫ БУУДЛЫН ЦАГААЧЛАЛЫН АЛБАНЫ ДАРГАТАЙ УУЛЗЛАА.
Консул Цагаан-өвгөний Жадамбаа БНСУ-ын Кимхэ Олон Улсын онгоцны буудлын Цагаачлалын албаны дарга Рюу Ин Сон, Хилийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Хан Сон Ги, Нутаг буцаж буй иргэдийн хүлээлгийн өрөөний асуудал хариуцсан тасгийн дарга Сун Бёон Чан нартай албан уулзалт хийв.
Уулзалтаар тус онгоцны буудал дээр саатуулагдаж буй 4 Монгол иргэний асуудлыг хэлэлцэж, тэдний нөхцөл байдалтай биечлэн танилцан, холбогдох арга хэмжээг авах талаар санал солилцов.
Мөн Монгол Улсын Гадаад Харилцааны яамнаас хэрэгжүүлж буй "Хариуцлагатай аялцгаая" хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар хэлэлцэж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг судлав.
Цаашид Пусан хотод суугаа Консулын газар нь Цагаачлалын албатай нягт хамтран ажиллаж, Монгол Улсын иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов.