БНСУ-ЫН ХЭМЖЭЭНД "ОНЦГОЙ БАЙДАЛ ЗАРЛАСАН"-АА ЦУЦЛАВ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль 2024.12.03-ны 22:28 минутад улсын хэмжээнд "онцгой байдал зарласан"-тай холбогдуулан суугаа орны Үндэсний Ассамблей 2024.12.04-ний 01:01 цагт хуралдаж, дээрх шийдвэрийг хүлээн авах эсэх талаар санал хураалт явуулан 190 гишүүн оролцсоноос 100%-ийн саналаар Ерөнхийлөгчийн "онцгой байдал зарласан" зарлигийг цуцлахыг шаардсан тогтоол гаргасан ба үүнийг Ерөнхийлөгч Юн Сог Ёль 2024.12.04-ний өдрийн 04:27 цагт хүлээн авснаар "онцгой байдал зарласан"-аа цуцалжээ.
Энэ асуудалтай холбоотойгоор тус улсад олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан нийслэл хот Сөүл болон орон нутгуудад зохион байгуулагдаж, улс төрийн үйл ажиллагаа эрчимжиж байгаа тул иргэд Та бүхнийг үүний ойр орчмоор зорчих тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
БНСУ-ын "Цагаачлалын тухай хууль"-ийн 17 -р зүйлийн 2 дахь хэсэг, "Улс төрийн намын тухай хууль"-ийн 5-р зүйлийн 2 дахь хэсэгт тус тус "гадаадын иргэн улс төрийн цуглаан, үйл ажиллагаанд оролцохыг хориглосон" байдаг тул хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаанаас сэрэмжилнэ үү.
Шаардлагатай тохиолдолд Пусан хотод суугаа Консулын газрын 010-5339-6090, 010-8273-9444 шуурхай утсаар холбогдоно уу.
ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР