images

“МОНГОЛ ХАРИЛЦААНЫ ТӨВ”-ИЙН НЭЭЛТ БОЛОВ.

Үйл явдлын мэдээ

2024-03-25

67

Тэгү хотын Тэгү Их сургуулийн Менежментийн Дээд сургуулийн байранд “Монгол харилцааны төв”-ийн нээлтийн арга хэмжээ 2024 оны 03-р сарын 18-ны өдөр болов. 

Нээлтийн арга хэмжээнд Консул Ц.Өнөрзаяа баяр хүргэж оролцлоо. Тус арга хэмжээнд Тэгү Их сургуулийн Захирал Пак Сүн Жин, Менежментийн Дээд сургуулийн Захирал И Ин жин, Тусгай боловсролын тэнхимийн профессор Пэк Сан Сү, Гүон Сүн Ү, Физик эмчилгээ судлалын тэнхимийн профессор Хуан Бу Гаг, Ким Тэ Ху, Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн профессор Ким Им Хён холбогдох бусад албан тушаалтан болон тус сургуульд суралцаж буй Монгол оюутнуудыг төлөөлөн 20 гаруй оюутнууд байлцав.

Уг нээлтийн арга хэмжээний үеэр Консул Ц.Өнөрзаяа Тэгү Их сургуулийн Захирал Пак Сүн Жин болон Менежментийн Дээд сургуулийн Захирал И Ин Жин нартай уулзаж тус  сургуульд суралцаж буй Монгол оюутны нөхцөл байдал, суралцаж төгссөний дараах ажлын байрны боломж түүнд хамаарах визний ангилал болон тэтгэлэгтэй суралцах орчныг бүрдүүлэх зэрэг асуудлаар санал, мэдээлэл солилцов.


Арга хэмжээний үеэр Тэгү Их сургуулийн Менежментийн Дээд сургуулийн Зочид буудал, аялал зуучлалын менежментийн тэнхимийн 60 орчим оюутанд Консул Ц.Өнөрзаяа “Солонгос-Монголын 34 жилийн хамтын ажиллагааны нөхөрлөл” сэдвээр илтгэл тавив. 

Тэгү Их Сургууль нь 1956 онд харааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан зориулж “Тэгү хараагүй хүүхдийн төв” нэртэйгээр нээгдэж байсан бөгөөд 1961 онд БНСУ-ын хэмжээнд тусгай боловсролын тэнхимийг анх байгуулан сэргээн засах шинжлэх ухаан, тусгай боловсрол олгох хөтөлбөрөөр дамжуулан нийгмийн халамжийн салбарт анхдагч үүрэг гүйцэтгэж байсан бол одоо БНСУ-д 3 дугаарт эрэмбэлэгдэх том кампус болон элсэгчдийн тоогоороо улсынхаа шилдэг 10 их сургуулийн нэг болон өргөжсөн байна. Одоогийн байдлаар 13 салбар сургууль, 90 тэнхимтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 20 мянга гаруй оюутан тус сургуульд суралцаж байна. Тэгү Их сургуулийн хэмжээнд нийт 107 Монгол оюутан суралцаж байгаагаас дийлэнх буюу 50 гаруй оюутан Бизнесийн Их сургуульд суралцаж байна.