images

СОЛОНГОС-МОНГОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОЛБООНЫ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОВ.

Үйл явдлын мэдээ

2024-01-12

1058

“Тэгү хот, Умард Кёнсан мужийн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн (DGIEA-Daegu-Gyeongbuk International Exchange Association) харъяа Солонгос-Монголын холбооны гишүүдийн ээлжит хурал 2024 оны 1-р сарын 11-ний өдөр Умард Кёнсан мужийн Кёнсан хотноо зохион байгуулагдлаа.
“Тэгү хот, Умард Кёнсан мужийн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” нь 2009 онд байгуулагдсан бөгөөд БНСУ болон гадаадын улс хоорондын улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, урлаг, гадаад харилцааны салбарт найрамдалт хамтын ажиллагааг өрнүүлэх, үндэсний эрх ашиг, энхтайвныг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. 
Энэхүү нийгэмлэгт Польш, Итали, Швед, Кампож, ОХУ, Япон, Филлипин зэрэг дэлхийн 40 орны хамтын ажиллагааны холбоо байдаг ба Солонгос-Монголын хамтын ажиллагааны холбоо нь энэхүү нийгэмлэгийн харъяанд 2007 онд байгуулагдаж, хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Солонгос Монголын хамтын ажиллагааны холбоо нь 2021-2023 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 127-р сургуульд сайн дурын үйл ажиллагааг жил бүр зохион байгуулснаас гадна 2022 онд Тэгү хотноо зохион байгуулагдсан “Нарлаг Монгол” наадмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, Тэгү хотод суралцаж буй Монгол оюутнуудад тэтгэлэг олгох ажлуудыг тус тус санаачлан гүйцэтгэж байна.


Ээлжит хурлын үеэр тус холбооны дарга Ким Жун Худ Пусан хотод суугаа Консулын газрын зүгээс талархал илэрхийлж, Өргөмжлөл гардуулав.