images

УЛЬСАН ХОТЫН ЗАХИРГААТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үйл явдлын мэдээ

2021-02-04

965

Пусан хотод суугаа Консулын газраас БНСУ-ын Үльсан хотын захиргаатай уулзалт зохион байгуулж, найрсаг хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтанд тус хотын Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирагч Жу Вон Гён, Гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын газрын дарга Ким Чанг Хён, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ё Юүнь Хи, Пусан хотод суугаа Консулын газрын тэргүүн, Консул Ц.Өнөрзаяа болон албаны бусад хүн байлцав.

Үльсан хотын захиргаа нь Үльсан Их Сургуулийн эмнэлэгт хэрэгждэг Монгол улсын эмч нарын мэргэжил дээшлүүлэх дадлагажилтын сургалт болон төрийн албан хаагчдын солилцоо хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж ирсэн бөгөөд цаашид үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлэв.

Мөн тус хотод манай улсын оршин суух бүртгэлтэй 300 гаруй, мөн бүртгэлгүй нэлээдгүй иргэд байдаг ба Консулын газрын зүгээс тус хотод оршин суугч манай иргэдийн нийгмийн ямарваа асуудалд нааштай хандахыг хүслээ. Консулын газраас тус хотыг Монгол улстай эдийн засаг, соёлын найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.