Зөвлөмж

БНСУ-Д ЗОРЧИХ БОЛОН ОРШИН СУУЖ БУЙ 
ИРГЭДИЙН АНХААРАЛД

Нэг. БНСУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:

- БНСУ-д нэвтрэх эсэхийг тус улсын Цагаачлалын алба (Korea Immigration service) шийдвэрлэдэг бөгөөд нэвтрүүлэхгүй байх эрхтэй байдаг. Иймд БНСУ-ын хилээр нэвтрэх хуудсанд уригч талын мэдээлэл болон байрлах хаягаа үнэн зөв бөглөн, буцах онгоцны тасалбар, байрлах байр /зочид буудал/ хаягийг биедээ авч явахыг зөвлөж байна. БНСУ-ын хилээр нэвтрэх орох хуудсанд уригч тал болон байрлах хаягаа үнэн зөв бөглөх шаардлагатайг анхаарна уу. Иргэн Та очих хаягаа орох хуудаст буруу бичих, асуусан асуултад зөрүүтэй хаяг хэлэх, аяллын зорилгоо үнэн зөв тайлбарлаж чадахгүй бол тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх үндэслэл болдог.

- Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичиж байх,

- БНСУ-ын хувьд олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон байдаг. БНСУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүн, тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэж ирэхгүй байх, бусдын захиасыг авахгүй байх,

- Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх, Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал, Согтууруулах төрлийн ундаа 1 литр (21 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа тээвэрлэн хил нэвтрэхийг зөвшөөрдөггүй), Янжуур тамхи 200 ширхэг, Сигар, навчин тамхи 100 ширхэг

- Хувийн хэрэглээний эм, уламжлалт эмчилгээний тан авч явах бол эмийн сав боодол, эмчийн жор, тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай.  (мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, судсаар сэлбэх шингэн зэрэг эмийг хилээр нэвтрүүлэхийг завдсан бол эмийг хураан авч, торгодог);

- 10,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг.

Хоёр. БНСУ-д оршин суух хугацааны талаар анхаарах зүйлс:

- БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг нь дагаж мөрдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, баяр ёслолын арга хэмжээнд оролцохдоо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахад анхаарах,

- БНСУ-д хууль ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд Гадаад паспорт шинээр захиалж авсан, оршин сууж буй хаягаа өөрчилсөн тохиолдолд БНСУ-ын Цагаачлалын албанд 14 хоногийн дотор мэдэгдэж, бүртгүүлж байх,

- Гадаад паспорт, иргэний цахим үнэмлэхийн хүчинтэй хугацаагаа шалгаж байх, хүчинтэй хугацааг дуусахаас өмнө шинээр захиалж авах,

- Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бусдад ашиглуулах, худалдах, барьцаалах, хуурамчаар үйлдэхийг хатуу хориглоно. Бичиг баримтаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхойлолт авч, ЭСЯ, КГ-т мэдэгдэн шинээр захиалах,

- Эх орондоо буцаж буй иргэд банк, авто тээврийн хэрэгсэл, даатгал болон бусад үйлчилгээний байгууллагатай байгуулсан гэрээгээ дуусгавар болгож, төлбөр тооцоогоо эцэслэх,

- Утасны дугаар болон оршин суугаа хаягаа итгэмжит найз нөхөд болон ар гэрийнхэндээ мэдэгдэж, байнга холбоотой байх. Эдгээрийг өөрчилсөн, гэр орноосоо удаан хугацаагаар хол явах тохиолдолд ойр дотнынхондоо заавал мэдэгдэх,

- Цагдаагийн байгууллагад баривчлагдсан, саатуулагдсан тохиолдолд суугаа орны “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн дагуу тухайн байгууллагаас ЭСЯ, КГ-т заавал мэдэгдэх үүрэг хүлээдэггүй тул иргэн өөрөө ЭСЯ, КГ-т мэдэгдэж, консулын ажилтантай уулзах хүсэлтээ илэрхийлэх,

- Иргэд шаардлагагүй үед бичиг баримтынхаа эх хувийг биедээ авч явахгүй байх, бичиг баримтуудынхаа хуулбар болон зургийг гар утас, цахим шуудандаа хадгалж байх,

- Үл таних хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байх, зэрэг болно.