ӨМНӨД КЁНГСАН МУЖИЙН ХАМАН СУМАНД "И ТЭ ЖҮН ЭМЧИЙН ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР" НЭЭЛТЭЭ ХИЙВ

Монгол улсын Богд хааны оточ байсан, Солонгос улсын эх оронч И Тэ Жүн эмчийн дурсгалын цогцолбор 11 дүгээр сарын 16-ны өдөр түүний төрсөн нутаг болох БНСУ-ын Хаман суманд нээлтээ хийв. Хаман сумын захиргаанаас зохион байгуулсан уг арга хэмжээнд тус улсын төр захиргааны байгууллагын 100 орчим төлөөлөл хүрэлцэн ирсэн ба Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа оролцож, баяр хүргэв.

Японы колончлолын үед 1912 онд эх орноосоо дүрвэн Хятад улс руу гарч тэндээсээ 1914 онд Монгол улсад ирж Нийслэл хүрээнд эмнэлэг байгуулан халдварт өвчнөөр өвдөж байсан олон иргэдийг эмчлэн алдар нэр нь түгсэн тэрбээр Монгол улсын хааны эмч болж улмаар 1919 онд Эрдэнийн очир одонгоор шагнагдаж байжээ. Тэрбээр 1921 онд Оросын цагаантнуудын гарт амь үрэгдсэн бөгөөд энэ жил түүний тэнгэрт хальсны 100 дахь жил болж байгаа юм. Түүний нэрэмжит дурсгалын цэцэрлэгийг 2000 оны 7 сард Монгол улсад байгуулсан байдаг.

Хаман суманд байгуулагдсан энэхүү цогцолбор нь 1 давхар байгууламж ба 494м² талбайтай ба 3 тэрбэм 600 сая гаруй воны хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. Дотоод зохион байгуулалтын хувьд үзэсгэлэнгийн танхим, сургалтын өрөө, хурлын танхим зэргээс бүрдэнэ.