ХӨГЖЛИЙН ТУСЛАМЖИЙН ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛОВ.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-тай хамтран 2017-2021 хэрэгжүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ баримт бичиг-хөтөлбөрийг танилцуулах арга хэмжээ 10 дугаар сарын 21-ний өдөр Гадаад харилцааны яаманд болов.

Арга хэмжээг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкман нар үг хэлэв.

“НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичиг нь ирэх таван жилд Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын системийн байгууллагуудтай өрнүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, тэдгээрээс гарах үр дүнг тодорхойлсон бодлогын баримт бичиг юм.

Хөгжлийн тусламжийн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ: •Хөгжлийн хүртээмжтэй өсөлт, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжих; •Нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн чанартай, тэгш үйлчилгээг нэмэгдүүлэх; •Олон нийтийн оролцоо, хариуцлагыг бэхжүүлэх

гэсэн гурван үндсэн зарчим, чиглэлийн хүрээнд хүнс хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, соёл, байгаль орчин зэрэг эдийн засаг, нийгмийн хөгжлийн бүх салбарыг хамарч, нийт 79 сая ам.долларын хөгжлийн тусламжийг НҮБ-аас манай улсад үзүүлж хамтран ажиллана.