УЛААНБААТАР ПУСАН ХОТУУД ТОДОРХОЙ ТӨСЛҮҮД ДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан БНСУ-ын Пусан хотоос ирсэн ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа. 2016 оны 8 дугаар сард Пусан хотын дарга Со Бёнсү тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж, хоёр хотын хооронд найрамдалт харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний хүрээнд Пусан хотоос тодорхой төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллах санал боловсруулахаар Пусан хотын Байгаль орчны корпорацийн ерөнхийлөгч Ли Жонвон, Пусан хотын Эдийн засгийн хөгжлийн агентлагийн ерөнхийлөгч Ким Бёнчү тэргүүтэй ажлын хэсэг Улаанбаатар хотод 10 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд ажиллах юм.

Уулзалтын эхэнд Засаг даргын орлогч хэлсэн үгэндээ “Бидэнд хамтран шийдэх олон асуудал байна. Агаар, хөрсний бохирдол, тээвэр ложистик, дэд бүтэц, хог хаягдал гээд Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудалд хамтран ажиллах боломжтой. Улаанбаатар хотын хөгжлийн корпораци дээр бэлэн болсон төсөл хөтөлбөрүүд бий. Бид Солонгос Улс, Пусан хотын туршлага, техник, технологийг нэвтрүүлэх, хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэсэн юм.

Пусан хотын төлөөлөл “Хоёр хотын найрамдалт харилцааны хүрээнд Таны хэлсэн төслүүд дээр хамтран ажиллахдаа таатай байх болно. Хог хаягдлын хувьд бид 30 жилийн өмнө бас хогоо булдаг байсан. Дараа нь ангилан ялгадаг болсноор булах хогийн хэмжээ багассан. Одоо хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргадаг, хийгээр нь гагнуур хийдэг технологид шилжсэн.

Энэ асуудлыг манай Байгаль орчны корпорацийн төлөөлөгчид хариуцан ажиллана. Бид урт хугацааны томоохон төслүүдээс гадна ойрын хугацаанд шууд хэрэгжих боломжтой төсөл хөтөлбөрийг бас сонирхож байна. Жишээлбэл, Улаанбаатар- Пусаны чиглэлд шууд нислэгтэй болсон. Үүнийг ашиглаад Аялал жуулчлал, Эрүүл мэнд, Эдийн засгийн салбарт хамтран ажиллах боломж, дэмжлэг хүсч байна” гэлээ. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Бид ирэх 4 жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв болох зорилт дэвшүүлсэн.

Тиймээс Аялал жуулчлалын болон бусад салбарт хамтран ажиллах боломжтой. Бид Та бүхнийг холбогдох газар, агентлагуудтай тусгайлан уулзах боломжоор хангаж өгнө. Улаанбаатар хотод байх хугацаандаа ирсэн зорилгоо биелүүлж, олон ажил бүтээгээрэй. Бид бүх талаар тусална” гэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.